Tuesday, December 9, 2014

Гарт минь бийр бариулаад хүссэнэ зур гэвэл,
Хэзээ ч инээж байгаагүй мэт
Гэрт гадаагүй алхах хөмсөг зангидагч, хуурмаг инээгчдийн уруулыг
Хайртай ээжийнхээ дулаахан инээдээр сольж зурна
Гарт минь бийр бариулаад хүссэнээ зур гэвэл,
            Энэ дэлхий дээр ганцаараа мэт аяглах
            Өөрийгөө л боддог аминчхан хүмүүсийн бараан өнгийг
            Хайртай аавынхаа цагаахан өнгөөр сольж зурна
Гарт минь бийр бариулаад хүссэнээ зур гэвэл,
Нэгнээ дэмжилгүй зүдэрсэн цагт нь хөсөр хаягч
Бусдад атаархагч өөдгүй залуусыг
Хайртай ахаараа сольж зурна
            Гарт минь бийр бариулаад хүссэнээ зур гэвэл
            Өнгө мөнгөнд хууртаж, өөрийгөө хуурагч
            Үнэ цэнийг үл ухаарагчдыг
            Хайртай эгчээрээ сольж зурна
Гарт минь бийр бариулаад хүссэнээ зур гэвэл,
Хүүхэд насандаа томчууд шиг аяглагч
Хүндлэлгүй, хүмүүжилгүй дүү нарыг
Хайртай дүүгээрээ сольж зурна
            Гарт минь бийр бариулаад хүссэнээ зур гэвэл,

Гартаа барьсан бийрээрээ би, бүгдийг цагаан болгож зурна. 

                                                                                          Болжмор 2014.12.09

Monday, November 10, 2014


Могу я сказать всем ПРИВЕТ..
Рядом с тобой мне тепло и спокойно
И ничего в этой жизни не страшно
И я всегда вспоминаю невольно
Как мы с тобой повстречались однажды -
Встреча была самым ценным подарком
Мне его щедро судьба подарила.

                          Болжмор 

Monday, October 27, 2014

Стивэн Кинг

Далайн давалгаа намайг энэ эрэг дээр гаргаж хаяснаас хойш хоёр өдөр өнгөрлөө. Өнөө өглөө би арлыг бүхэлд нь тойрч үзсэн. Арал ч гэж дээ... Хамгийн өргөн газраа зуун ерэн алхам, нэг үзүүрээсээ нөгөө үзүүр хүртлээ хоёр зуун жаран долоон алхам урт.
Надад харагдсанаар бол энд идчихэж болох зүйл огт алга.
Стивен Кингийн зохиолуудад дуртай хүмүүс хэр их байдгийг мэдэхгүй л юм. Энэ бол Ричард Пайн гэдэг залуугийн өдрийн тэмдэглэл. Сүйрсэн онгоцноос амьд үлдсэн түүнд Чүдэнз, Героин 2-с их юм алга.
Өлсөх нь ойлгомжтой. Загас байхгүй, цахлай л эргэлдэнэ. Хадан дээр сууж байгаа цахлайг барих гэж яваад шагайгаа гэмтээснээр героинтой нөхөрлөж Пайны элийрэл эхэлдэг юм. Өвдөлтөө тэсвэрлэж чадалгүй героин хэрэглэж тэр хөөрөлдөө автан хөлөө шагай хэсгээрээ тайрч авна. Тайрсан хэсгээ хаясан гэж бодож байна уу?
Тэр зүгээр л сайтар угаагаад дараа нь идэж орхисон. Гэхдээ түүхийгээр нь. Түүхий мах идвэл “Буруу эргэлт” цуврал аймшгийн кинон дээр гардаг зэрлэгүүдийнх шиг өмхөрсөн шүдтэй болдог бололтой. Аргагүй дээ өвдөгөө хүртэл тайраад идчихлээр. Уг нь Пайнд чүдэнзнээс их юм байгаагүй атал яагаад болгож идээгүй нь сонирхол татаад байгаа юм.
. ...Зүсэлт хийх шугамаа гуян дээрээ гаргачихлаа. Энэ хэсгээрээ ч бас гайгүй махтай байна. Шүлс асгарахаа больдоггүй юм байх даа. //Пайны тэмдэглэлийн сүүлчийн хуудас//
Бодит амьдрал дээр яг ийм зүйл байгаа болов уу? Өөрөө өөрийгөө алж, өөрөө өөрийгөө үгүй хийдэг..
Пайн мэс засалч болохыг хүсдэг байлаа. Харин эцэг нь шоолж, солиотой амьтан гэж дуудчихаад ахиад нэг стакан дарс аваад ир гэдэг байж. Эцэг нь хорт хавдраар нас барах үед Пайн маш их баярласан. Магадгүй тэр эцгээ үнэн зүрхнээсээ үзэн яддаг байсан байх.
Бага байхдаа хүүхдүүдэд их дээрэлхүүлдэг байсан болохоор өөрийг нь дээрэлхдэг байсан хүүхдийн шүдийг 10 доллараар сольж авсан удаатай.
Аавынхаа үл тоосон харилцаанаас хүүхдүүдэд дээрэлхүүлдэг байснаас шалтгаалж бусдыг хүн гэж тоодоггүй мөнгөөр бүгдийг шийдэх гэдэг хүсэлтэй болж хуурамч эмийн жор дээр эмчийн гарын үсгийг дуурайлган худалдаалдаг болоход хүргэсэн ч байж магад. Пайн эцэг эхийн хайр гэдэг зүйлийг огт мэддэггүй, бүгдийг новш гэж боддог. Пайны энэ үзэл бодол хаанаас улбаалж бий болсныг зохиол дээрээс тодорхой харж болох юм.
//Тийм жижиг наймаа хийх ямар ч шаардлага байгаагүй мөртлөө сурсан зангаараа л зараад байсан байгаа юм даа. Сул мөнгөнөөс татгалзаж чадахгүй л байхгүй юу.//

Шуналгүй хүн гэж байхгүй л дээ. Ёроолгүй сав шиг л. Мэдээж энэ 2 өгүүлбэрт тавих миний илүүц тайлбар хэрэггүй байх. Би л хувьдаа Стивэн Кингийн зохиолуудыг Аймшгийн гэсэн төрөлд хамааруулахыг хүсдэггүй юм. 
2014.08.21

Мураками Харуки

Энэ номын талаарх сэтгэгдэл тэмдэглэлүүд их байсан ч гэсэн хүмүүсийн хайхралгүй үлдээсэн юм шиг санагдсан тэр жижигхэн юм шиг хэрнээ дэндүү том асуудлын талаар бичих гэж хичээлээ. 
1Q84 Мураками-н сэрэмжлүүлэг
Little people ба Үхэлд хүргэгч зэмсэг
Багадаа хэнтэй ч үг дугардаггүй, найзладаггүй байсан Аомамэ-н гараас нэгэн хөвгүүн барьсан нь хожим "Агаарын авгалдай"-г редакторласан Тэнго гэх залуу байсныг, сул дорой гэмээр ганцаардмал Аомамэ сонин гэмээр итгэл үнэмшилтэй гэр бүлээсээ зугтаж бие хамгаалах газарт багшилдаг болж чухам яагаад Үхэлд хүргэгч хурц үзүүрт зэмсэгтэй нөхөрлөх болсныг, хайр дурлал, үл итгэмээр little people, бидний амьдралаас бас үнэнээс дэндүү хол зөрмөөр мэт санагдах Cult /гаж урсгал/ гэх бүлэглэл, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдийн хүнд хэцүү амьдрал зэрэг бидний зарим нь төсөөлж ч байгаагүй тийм зүйлүүд нүдний өмнө хүрээгээ тэлсээр байгааг харж болох байх. 
Тэнго Аомамэ 2-н өөр ертөнцийн гэмээр бие биендээ тэмүүлэх хайр дурлал надад онцын сонин байгаагүй ээ. Магадгүй энэ хайр дурлал гэгч нь хүн бүрийн уншихыг хүсдэг, бас зохиол болгонд гардаг хүмүүс бие биенээ хэрхэн яаж хайрлаж байгааг харуудаг хэдий ч энэ удаад түр мартах хэрэг гарсан юм.

Аомамэ ганц л найзтай. Найз нь нөхөрт гарч 6 сартай жирэмсэн байхдаа өөрийнхөө амийг хорлодог. Эмэгтэй хүн тэр тусмаа хэвлийдээ үрээ тээж байгаа хүн өөрийнхөө амийг хорлох шийдвэр гаргаж түүнийгээ гүйцэлдүүлнэ гэдэг, ийм нөхцөлд хүргэсэн тэр шалтгаан нь үнэхээр том дааж давшгүй, тэсвэрлэхэд хүнд байсан болохоор л тэр байх. Нийгэмд байдаг гаж, хүчирхийлэгч эрэгтэй хүн тэр тусмаа нөхөр нь. Энгийн бусад хүмүүс тийм гэдгийг нь гадарлахын аргагүй залуу. Гэм нь тэр гаж хүсэлтэй..
Аомамэ төрөлхийн гэмээр чадвартай. Хүний биеийн бүтцийг маш сайн мэддэг. Хурууныхаа үзүүрээр л мэдрэлийн бүх цэгийг олж чаддаг. Найзынхаа нөхрийг /бусдыг ч бас/ зүрхний шигдээсээр үхсэн мэт болгож дээш нь явуулсныхаа дараа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг /гэж хэлэх байх/ хөгшин эмэгтэйтэй танилцаж тэдний төвд хандсан эмэгтэйчүүдийн нөхрүүдийг ягл дээрх замналаараа нөгөө ертөнц рүү илгээж эхэлнэ. 
Cult: /Сануулж хэлэхэд энэ гаж урсгалын талаар зохих анхан шатны мэдлэгтэй байхад илүүдэхгүй байх. гэхдээ гүнзгийрүүлэх хэрэггүйг анхаараарай. Сонирхож судалж явж байгаад өөрөө үүндээ хэт автаж амьдралаа үгүй хийсэн хүнийг мэдэх учраас хэлж байгаа юм шүү!!!/ 
Зохиолд дүрсэлснээр анх коммун гэх нэрийдлээр үүсэж байж. Үйл ажиллагаа нь маш нууцлагдмал, гишүүд нь удирдагчийнхаа үгнээс гардаггүй, хүрээгээ тэлж олон мянган шинэ итгэгч нартай болсоор байгаа. 
Хөгшин эмэгтэйн төвд арав орчим настай охин ирдэг ба тэр охин эцэг эхээсээ зугтааж энэ төвд ирсэн /эцэг эх нь коммуны итгэгч гишүүд/ 
Охины сав нь задарчихсан, шалтгаан нь коммуны удирдагчтай холбоотой. ийм болоход эцэг эх нь дэмжлэг үзүүлж. Насанд хүрээгүй жаахан охидыг тэр эцэг эхээс нь авдаг. Яах гэж гэдэг нь ойлгомжтой. Охиноос хэн ийм болгосныг асуухад яагаад little people гэж хариулав?
Өөрийгөө хүссэн хэмжээнд томруулж чаддаг, охины амнаас гарч ирээд байгаа, "Агаарын авгалдай" гэх зохиолд гардаг little people гэгч чухам юу вэ?

Аомамэ-н дараагийн тонилгох ёстой хүн бол удирдагч. Гэхдээ яаж? 
Хэн ч мэддэггүй, коммуныхаа байрнаас төдийлөн гараад байдаггүй тэр эрхэмийг Аомамэ устгаж чадах болов уу? Өрнөл илүү сонирхолтой.. 
Коммун гэх газарт эцэг эхтэйгээ учрах болов уу? 
Хосоороо тэнгэрт мандах сар юуг илэрхийлэв? 
Тэнго Аомамэ? 
"Агаарын авгалдай" зохиол коммуныг илчлэх түлхүүр байв уу? 
Мураками ч тэр Стиг Ларсон ч тэр.. тэдний зохиолууд хийсвэрлэл үү? аль эсвэл бодолцож үзэх зүйл үү?..

2014.09.15

Sunday, October 26, 2014

Тэнд, энд, хаа сайгүй тэнүүчилдэг нь БОДОЛ
Тэнд, энд, хаа сайгүй үлддэг нь МӨР
Тэнд, энд, хаа сайгүй 
Тэнд бас энд
Хаа сайгүй

 2014.05.07

Саландер

Карл Стиг-Эрланд Ларсон буюу "Луун шивээст охин" миллениум цувралын зохиолч, Шведийн алдарт сэтгүүлч, тэмцэгч. 
Стиг Ларсоны эцэг эх түүнийг 17 настай байхдаа төрүүлсэн бөгөөд өвөө эмээ дээрээ бага насаа өнгөрүүлжээ.  
Ларсоны эцэг өдөр тутмын сонинд ажилладаг байсан бөгөөд харин өвөө нь нацистыг эсэргүүцэгч байсан байна. Ларсон нь социалист дэглэмийг хамгаалагч бүлгэмийн гишүүн, эмэгтэйчүүдэд эрхчөлөө олгохын тулд босогчдын тэмцэлд хүртэл оролцож явжээ. Тэрээр залуучуудын дунд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, нацист бодлыг дэлгэрүүлэгч тухайн үеийн Шведийн Баруун жигүүрийнхний талаар олон нийтийн өмнө мэтгэлцээнд оролцож байжээ.
Стиг Ларсон 50 насандаа зүрхний шигдээсээр нас барсан ба цахилгаан шат нь ажиллаагүйн улмаас 7 давхарт байрлах ажлын өрөө лүүгээ явах замдаа нас барсан гэж үздэг. Алдарт сэтгүүлчийн үхэл дэндүү гэнэтийн байсан хэдий ч хамт ажиллагсад нь түүнийг зүрхний шигдээсээр нас барсанд эргэлздэг тухайгаа ч хуваалцаж байж. Хэдийгээр Стиг Ларсон өдөрт 60 ширхэг тамхи татдаг байсан хэдий ч энэ нь түүний үхлийн шалтгаан мөн эсвэл биш гэдэгт одоог хүртэл эргэлзсээр.
Шведэд эмэгтэйчүүдийн эрх маш ихээр зөрчигддөг бөгөөд Стиг Ларсон өөрийн уран бүтээлдээ энэхүү сэдвийг тусган "ХҮНИЙ ЭРХ", "ХАРГИСЛАЛ" гэсэн 2 сэдвийг баримтлан зохиолоо бичсэн нь их амжилтыг дагуулж байгаа билээ.

2014.07.24

Жорж Мартин

Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүн Жорж Рэймонд Ричард Мартин. 
Орчин үеийн Америкийн уран зөгнөлт зохиолч, продюсер, утга зохиолын олон улсын шагналт зохиолч Жорж Мартин 1948.09.20 нд АНУ-н Нью Жерси, Бейон гэдэг газар төржээ. Өдгөө 66 настай. 
1970-1980 онд шинжлэх ухааны гайхамшиг болон аймшгийн уран зохиолын төрлөөр бичсэн зохиолууд нь түүнийг амжилтанд дагуулж байсан бол "Гал мөсний дуун" цуврал нь Жорж Мартиныг алдар хүндийн оргилд авчиржээ. 
2011 онд Тайм сэтгүүл түүнийг Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүний нэгээр шалгаруулсан байна. 
Тэрээр багадаа ном унших, бичих дуртай байсан бөгөөд хөршийнхөө хүүхдүүдэд аймшгийн түүх зохион ярьж өгдөг байж. Их сургуульд орсоныхоо дараа комик ном бичиж эхэлсэн ба сонирхогчийн журмаар сэтгүүлд нийтлэл бичдэг байжээ. Иллинойсын их сургуулийн сэтгүүлчийн ангийг 1970 онд бакалавр, 1971 онд магистраар тус тус зэрэг хамгаалсан. 
Энэ үедээ тэрээр "Galaxy Science Fiction" сэтгүүлийн 2 сарын дугаарт "The Hero" нэртэй өөрийн өгүүллэгийг хэвлүүлсэн. 
1980-д оны эхээр Холливүүдэд ирж «Красавица и чудовище» дэлгэцийн бүтээл дээр удаан хугацааны турш ажиллаж, «Сумеречная зона» цувралын редактораар ажилласан байна. 
Мартин орчин үеийн уран зөгнөлийг хөнгөн хийсвэр гэж үздэг хүн байсан бөгөөд Жон Толкины "Бөгжний эзэн" зохиолыг уншсаны дараа түүний энэ бодол өөрчлөгджээ. Үүний дараа тэрээр уран зохиолын шинэ төрөлд хүч үзэхээр шийдэж "Гал мөсний дуун" цувралаа бичиж эхэлсэн бөгөөд энэхүү зохиол нь түүнд энэ дэлхийн бүх алдар хүндийг авчиржээ. 
Жорж Мартины тухай товчхондоо ийм байна. Орчуулах гэж домоглочихов уу яав.
2014.07.26 

Wednesday, October 22, 2014

Гейшагийн дурсамж

Ээжийнх нь бие нь өвдөж, Чио тосгон руу гүгэл авч ирэхээр явах үедээ бэртэнэ. Танака гэх эрхэм түүнд туслан, дараа нь гэрт нь хүртэл очин аавтай нь уулзаж гэртээ хүртэл аваачсан болохоор өөрийг нь өргөж авах гэж байна гэж боддог. Чио эгч Сацугийнхаа хамт галт тэргэнд суух хүртлээ ноён Танака өөрсдийг нь өргөж авч байна гэсэн итгэл тээсэн хэвээр байсан ч үнэн хэрэгтээ хөгшин эцэг нь 2 охиноо бараг л худалдчихсан юм. Итгэж байсан зүйлс эцэстээ өөр байсныг мэдэх, төрсөн эцэгтээ хаягдах ямар байдгийг санахаас ч аймшигтай, уншихад дэндүү хүнд, итгэхийн аргагүй. Чиогийн гейша болох амьдрал үүгээр эхэлсэн харин эгч нь арай өөрөөр, тодруулбал биеэ үнэлэгч болно. Эгчийнхээ хаана очсоныг нь ч мэдэхгүйн дээр өвчтэй эх, хөгшин эцэг нь яасан талаар түүнд төсөөлөл ч байсангүй. Хацумомогийн хэцүү араншинг тэвчин эгчийнхээ байгаа газрыг хэлүүлж, эгчтэйгээ уулзан хамтдаа оргох байсан ч Чио очиж чаддаггүй. Төд удалгүй ноён Танакагаас эцэг эх 2 нь үхсэн талаар болон Сацу эгч нь оргож очоод тэндээсээ нэгэн залуутай хамт хаашаа ч юм дайжиж алга болсныг дуулгасан захиа авна.
Бүх зүйлийг өөрийнхөө таалалд байлгахыг хүсдэг, бүхний төвд байхыг эрхэмлэдэг, алдаагаа ухамсарладаггүй, атаархуу, өөрөөсөө илүү нэгнийг тэвчиж чаддаггүй... эмэгтэй хүнд тодорхой хэмжээгээр байдаг энэ зан чанаруудын хэтэрсэн нийлэмж бүрэлдсэн хүмүүсийг Хацумомо-р төлөөлүүлсэн мэт санагдсан юм. Салхилаад өнгөрөх үед тухайн газрын бүх зүйлсийн эмх замбарааг алдуулаад орхидог хүчтэй ширүүн салхитай, жижигхэн зүйлээс болж асан юу ч үгүй сүйдэлж орхидог гал түймэртэй зүйрлэмээр санагдаж билээ.
Хацумомо Даннатай /Гейшаг нууц амрагаа болгосон хүнийг хэлдэг ба гейшагийн бүх зардлыг даадаг хүн/ болж чадаагүй ч гэсэн амрагтай байсан юм. Нэг удаа Хацумомо амрагтайгаа байгааг Чио харснаас болж амраг нь уурлаж ахиж Хацумомо дээр ирэхгүй гэж уурладаг хэсэг гардаг юм. Хэрвээ киног нь үзсэн бол яг тэр үеийн Хацумомогийн нүдийг сайн ажиглаарай. Гуйсан, аргадсан, ахиж ирээсэй гэсэн горьдлого тээсэн харц, бас хайр мэдрэгддэг. Гонг Ли энэ дүрийг үнэхээр сайн гаргаж ирсэн юм шүү.
Хүний үгнээс гардаггүй, хэн юу хэлнэ түүнийг нь үг дуугүй биелүүлдэг, өөрийн гэсэн бодолгүй хүмүүсийг Хулуугаар төлөөлүүлсэн мэт. Заримдаа надад манай номын группийн зарим гишүүдийг санагдуулаад байдаг юм. Энэ ном хэр вэ, би ямар ном унших вэ, хаанаас олж авч болох вэ гэж асуудаг болохоор ч тэр юм уу, хүмүүсийн давалгаанд өртөөд байдаг болоод ч тэр юм уу нэг л адилхан хыхы. Өнгөц харвал, нэг зүйл дээр Хулууг буруутгамаар. Нобу санг дуудаж өгөхийг гуйсан Саюригийн хүсэлтийн хариуд Тэргүүнийг дагуулаад ирдэг.  Гэхдээ магадгүй Хулуугийн буруу байсан ч нөгөөтэйгүүр Хулуугийн буруу байхгүй, алдаа хийснээ мэдээд залруулсан ч юм шиг... Магадгүй Хулуу Тэргүүнд үнэнийг хэлээгүй байсан бол Саюри Тэргүүнийг нас барах хүртэл нь хажууд нь байж чадахгүй байх байсан болов уу.

Зайрмаг авхуулж, алчуурыг нь нандигнан хадгалж эхэлсэн үеэс л Саюригийн Тэргүүнийг гэх сэтгэл нь огтхон ч өөрчлөгдөөгүй юм. Өөр хүнийг өөрийнхөө данна болгохгүй гэсэндээ болчимгүй мэт үйлдэл хийсэн ч Тэргүүнийг сэтгэлээ илчлэхэд хүргэсэн тэр цагийг дэндүү удаан, удаан удаан удааааан хүлээж чадсан юм даа. 
Ахиад нойр хулжаасай, бүтэн жилээр ч хамаагүй 
Үргэлжлээсэй...

Үүр цайхыг харж, үсээ илбэн зогсох сон 
Шөнийн харанхуйд ододтой хүүрнэн 
Шүлэг тэрлэхсэн, 

Ахиад намар болоосой, бүтэн жилээр ч хамаагүй 
Үргэлжлээсэй... 
Амар амгаланд хөтлүүлэн, гуниг тээж алхах юмсан 
Нойтон хөвсгөр цастайд 
Бодол дундаа цас будруулахсан,
                                                                                        Болжмор 

Wednesday, September 17, 2014

Өдөр бүрээс шөнийг хулгайлмаар..

Би өмнө нь зүүднээсээ айдаггүй байсаан. Багаасаа л ганцаараа, өөрийнхөө жижигхээн орон дээрээ жижигхэн хөнжлөө нөмрөөд үлгэрээ сонсчихоод л унтаад өгдөг байж дээ. Эргээд бодоход тэр үе л хамгийн жаргалтай үе маань байсан юм болов уу даа. Сургуульд ч ороогүй жаахан байхаасаа л зүүдэлдэг, шөнө босож явдаг тэгээд тэр зүүдээ бүгдийг нь санадаг байсан юм. Гал тогооны өрөөний ширээн доор сандал түчигнүүлэн сууж байхдаа өөрийгөө зүүдэлж байна гэдгээ мэдэж сэрэх гэж хичээдэг байснаа, аав босож ирээд гэрэл асааж намайг гарган оронд минь хэвтүүлээд унтуулдаг байсныг ч тэр, бүгдийг нь би одоо болтол санадаг. Ийм олон жил өнгөрчихөөд байхад яагаад ой ухаанаас минь арчигдаж алга болохгүй байгаа нь л хачирхалтай.
Жижигхээн хүүхэд байхдаа айдаггүй байсан, гэвч одоо айдаг. Тэр нэг өдрийн зүүднээс хойш л би айдаг болчихсон. Аавыгаа явчихлаа гэж зүүдлээд сэртэл зүүд аль хэдийнээ биелчихсэн байж. Айдсыг үлдээгээд л орхиод явчихсан тэр өдрөөс хойш хамгийн их айдаг зүйл минь араатан амьтан ч биш ганцаараа үлдэж хоцрох ч биш зүүд болж хувирсан.
Зүүдэндээ хэн нэгний уйлахыг харж, хэн нэгэн нас барахыг харах, миний хийх гэж байгаа үйлдэл, харилцаа.. би бүгдийг зүүдэлдэг. Тэр зүүдэлсэн зүйлээ огт мартаж амжаагүй байтал яг л нөгөөх дүр зурагаа удалгүй харж, хэн нэгний хэлэх гэж байсан үгийг хэлэхээс нь өмнө нүднээс нь унших, ямар нэгэн харилцаа эцэстээ юу болж төгсөхийг түрүүлж мэдэх тэр мэдрэмж. Яг л энэ цаг хугацаандаа 2 дахин амьдраад байгаа мэт санагддаг. Зүүднийхээ амьдралаар бодит амьдрал минь хэмжигдэх ч юм шиг. Зүүдэндээ уйлчихдаг болохоор бодит байдал дээрээ нулимс минь гардаггүйтэй би эвлэрчихэж... Бусад хүмүүс шиг л тайван бөх гэгч нь унтаж өглөө тайван сэрдэг бол.. Зүүдэлсэн ч зүүдээ санадаггүй бол.. Зүүд минь биелдэггүй бол..  Би хүн гэдгээ мэдрэх сэн.


Thursday, September 11, 2014

Намраас шөнийг хулгайлж чадвал
Зүүднээсээ би айхгүй..
Зүүдлэхгүйгээр,
Нүдэндээ бүхнийг тод харна.

Monday, September 1, 2014

Сүнсээ худалдаад цаг хугацааг эргүүл гэвэл
Үхэлтэй гэрээ хийж өнгөрсөн лүү оч гэвэл
Саяхны мэт санагдах арван дөрвөн жилийн тэртээх
Үнсүүлээд цасан хүн бэлгэнд авсан өвлийн тэр өдөр лүү 
Буцахсан..
Буцчихаад,
Гомдсондоо хэлж зүрхлэлгүй цасан хүнтэйгээ хамт хайлуулчихсан тэр үгээ
Сүнсээ худалдаж цаг хугацааг эргүүлж
Гэрээ хийж өнгөрсөн лүү оччихоод
Ааваа битгий яваач... гэж хэлнэ

                                                                               

                                                                                                                                            Болжмор 

Thursday, August 21, 2014

Хүчлэн байж инээмсэглэхэд зүрх ямар хөндүүр оргидгийг
Хүсээгүй ганцаардлыг тэвчин итгэж хүлээх ямар байдгийг
Яг л, 
Хүйтэн бороон дусал нүүрийг услан, ширүүн салхинд ганхахтай адилаар
Хөндүүр шархаа тэвчин хөлөө дааж ядах өвдөлт шиг
Яг тэгж, тэгж мэдэрдэг

Намар ч биш бороо ч биш
Навч ч биш солонго ч биш атлаа
Модод навчгүй бол хэрхэн хоосордогтой адилаар
Борооны дараа солонго үгүйлэгддэг шиг 
Магад яг л тийм, тийм их  хоосролыг мэдрүүлдэг...
                                                                               Болжмор 

Wednesday, August 6, 2014

Чи яг л
Намрын хүйтэн бороо шиг
Чанх дээрээс хүйтнээр асгардаг

Би яг л
Бороонд дуртай жаахан хүүхэд шиг
Чиний өөдөөс тосон гүйдэг..

                                Болжмор





Friday, May 30, 2014

Хүйтэн, 
Гэрэл надад хүрэлцэхгүй 
Гэгээ тусах сиймхий ч алга, даарна
Харанхуйд би бүдэрч 
Хааш одохоо мэдэхгүй, зогсоно 

Сүүдэр ч надаас зугтана 
Салхи хүчтэй үлээх нь миний эсрэг мэт
Сульдсан бие ганхана, яг л хувхай мод шиг 
Сүнсгүй бие, биегүй сүнс
Хоосон..

Зүүдэнд, зүүд ахыгаа нэхнэ 
Би хулгайч биш гэж чангаар орилсон ч сонсогдсонгүй
Ам минь ч хөдөлсөнгүй, дотроо л шивнэж
Бурууг өөр дээрээ үүрэхтэй адил 
Ачаа дэндүү их, би түүртэнэ 
Алхаж байсан зам дуусаж
Зүүд намайг ах дээрээ аваачив
Зүүдний ах нь үхэл байж
Аймшигтай, 

Би амьд байна 
Мэдрэгдэж байна бие минь
Мэдэрч байна би гэрлийг, усыг, салхийг
Би амьсгалж байна
Аюулгүй, 

Нуумаар байна өөрийгөө
Намайг бүтээж буй эд эс бүхнээс
Нарны тусгал бүрээс 
Өөрийнхөө бодлоос 
Зүүднээсээ
Нуумаар байна..                                              

                                                                                                             Болжмор
   










Wednesday, May 28, 2014

Бүрхэг өдөр
Бороотойд
Цонхон дээр суугаад бороон дуслыг ажиглан 
Цоо ширтэн суух харц, тогтуун
Халуун кофе, ном, бийр, үзэг, цонхны тавцан
Хань болно 
Ховорхон тохиох энэ өдрүүддээ хайртай

Өвдөг дээрээ номоо тавиад
Өөр хэн ч саад болохгүй орчинд 
Өнөөх л дуртай дуунуудаа сонсон
Өөрийг нь халин урсах бодолдоо дарагдана

Бодлоос нь тасран унасан хэсгүүдээ
Бороо болгож өөр дээрээ цутгахыг хүснэ
Бороогоо Мөрөөдөл гэж нэрлээд
Байгаль дэлхийдээ бэлэглэхийг хүснэ.. 

 



Wednesday, April 16, 2014

ҮНЭ ЦЭНЭЭ УХААРАХУЙ \ Ж.Бямба "Хорвоогийн өнгө"\

Хорвоогийн амьдралын олон өнгө.. Сайхан төрсөн бүсгүй хүн ч гэлээ, царайндаа эрдэн бусдыг дорд үзэн ӨНГӨ МӨНГӨНД хэт дурлан түрийвчний зузаанаар хүнийг дүгнэж, зоосны нүхээр амьдралыг хардаг хямдхан нэгэн болж хувирна.  Нийгмийн аль ч үед байсан, байсаар л байх эмэгтэй хүний амьдрал. Амьдрал гэж хэлж болмооргүй тийм л амьдралаар амьдрах, ээж охин хоёр. 

Үр хүүхэд гэдэг ээж аавынхаа хүмүүжлийн дагуу өсөж томрон ямархан хүн болон төлөвшиж байгааг харуулж. Яг тэднийхээ үргэлжлэл нь.. 

Залуудаа хэрэндээ л Улиастай хотдоо нэртэй явсан бас ч яггүй царайлаг, олон эрчүүдийн зүрхэнд шар ус хуруулж явсан гэх Янлинхуар, хөгшин хэрнээ баян хүнтэй сууж түүнийхээ үлдээсэн буянаар тос торгонд хөлбөрч амьдран "Сайхан хүүхэн ажил хийх нь гутамшиг, царай байхад мөнгөтэй эрчүүд өөрсдөө гүйгээд ирдэг" гэх үзэлдээ эзэн болсоор өргөж авсан ганц охиноо хүртэл энэ үзлээрээ өсгөн хүмүүжүүлжээ. Зохиолоо эхлүүлэн уншиж байхдаа охин Урангоог нь эхийнхээ үгнээс зөрөн байж хайр сэтгэлээ даган амьдраасай гэсэн миний хүсэл талаар болсон доо. хэхэ. Яг л эхийнхээ заавраар, гэхдээ бүр илүү муу. 
Өнгөнд хууртан нэгээс нөгөө рүү нисэж явахдаа хэзээ ч эхнэр хүн шиг, эх хүн шиг байгаагүй Урангоо нөхөртөө хаягдан өмссөн хувцастайгаа гудамжинд хөөгдөх үедээ л сая л бага сага зүйл ойлгож эхэлнэ. 

Хүн гэгч амьд явахдаа элдвийг үзэн, их юмны учрыг таньдаг хорвоо юм даа. Би жаргаж байгаа нь энэ гэж тархи нь эргэсэн чигээрээ насыг элээх нь байхад арай эрт танин засдаг нь ч бий. Жаргалтай хүн ухаангүй байдаг бол баян хүн дээрэнгүй байдаг аж. Хорвоогийн олон өнгөн дундаас, эрхгүй олон салаалсан зам дундаас зөвийг нь олоод алхдаг нь олон байгаасай.. 
Сэтгэлдээ сайныг тунгаан 
Сайныгаа үйлдэл болгоод 
Үнэ цэнээ мэдэрч 
Үргэлж муугаа ард үлдээе ээ 

                                                                                        Болжмор 


Saturday, February 22, 2014




                                                                                   Болжмор 
                                                               2014.02.22




Thursday, February 20, 2014

Ихэнхдээ ганцаараа юм бодоод суух үедээ, зураг харах үед зүгээр л үг өөрөө ороод ирдэг. Нэгэнт ороод ирсэн хойно бичиж амжих л хэрэгтэй. Хүмүүст уншуулахад ичмээр ч гэлээ зүгээр л миний амьдралын нэгээхэн хэсэг, дуртай зүйл минь юм шүү дээ. 

Sunday, February 9, 2014

Женщина- Это яркий бриллиант, который сият тогда, когда разрещить для себя посмотреть. 

                                                     Болжмор

Saturday, February 8, 2014

Толь 
Өөрийгөө харна
Би нээрээ ийм.
Дотогшоогоо өнгийнө
Гайхна
Үл анзаарагдах 
Өөрөө ч мэдэхгүй
Өрөөлийн дургүй
Дэндүү олон өрөөнүүд
Зарим нь цонх нь онгорхой
Дэндүү хүйтэн
Зарим нь өвчтэй
Зарим нь дүүрэн 
Зарим нь цоожтой
Хэнд ч харуулахыг хүсэхгүй
Насан туршдаа нуух өрөө ч бас бий
Гэрэлд гаргаснаараа таалуулна
Сүүдэрт оруулсанаараа гайхшруулна
Дэндүү олон өрөөн дотроо би төөрнө
Өөрийгөө хайна
Чухам аль нь
Аль нь ЖИНХЭНЭ БИ юм бол..

                                               Болжмор

Monday, January 27, 2014

Гэрэл тусахдаа цацрагаа харамлах мэт хойрго 
Яг л цаг зогсчихсон мэт, дэндүү удаан
Үүр цайтал хөлбөрч үзсэн үү?
Наран мандтал санааширч үзэв үү?
Шөнө.. шөнийг үзэн ядмаар..
Жаргалтай гэгч нь инээлээ ч 
Нүдэнд хурсан гунигаа нууж чадахгүй
Зүгээр гэж амандаа шивнэлээ ч 
Зүсэгдэх зүрх уйлахаа зогсохгүй
Худал.. Хуурмаг ертенцийг зүхмээр..
                                                 Болжмор.

Friday, January 3, 2014

Цас


  Цас хэрвээ дурладаг бол
Модыг л тэр хайрлана
Цасан цагаан өнгөөрөө
Навчгүй моддыг чимнэ.

Тэнгэрээс газарт буух гэж яардаг болов уу
Тэртээ холоос хайрт руугаа тэмүүлдэг шиг
Тэндээ удахаараа ганцаарддаг болов уу
Тэвчээр заан хүлээдэг байх, өвлийг

Газарт буугаад баярладаг болов уу
Гар гараасаа хөтлөлцдөг шиг
Хайлж урсахаараа шаналдаг болов уу
Хайраа алдсан нэгэн шиг..


                                                                              Болжмор