Monday, October 27, 2014

Мураками Харуки

Энэ номын талаарх сэтгэгдэл тэмдэглэлүүд их байсан ч гэсэн хүмүүсийн хайхралгүй үлдээсэн юм шиг санагдсан тэр жижигхэн юм шиг хэрнээ дэндүү том асуудлын талаар бичих гэж хичээлээ. 
1Q84 Мураками-н сэрэмжлүүлэг
Little people ба Үхэлд хүргэгч зэмсэг
Багадаа хэнтэй ч үг дугардаггүй, найзладаггүй байсан Аомамэ-н гараас нэгэн хөвгүүн барьсан нь хожим "Агаарын авгалдай"-г редакторласан Тэнго гэх залуу байсныг, сул дорой гэмээр ганцаардмал Аомамэ сонин гэмээр итгэл үнэмшилтэй гэр бүлээсээ зугтаж бие хамгаалах газарт багшилдаг болж чухам яагаад Үхэлд хүргэгч хурц үзүүрт зэмсэгтэй нөхөрлөх болсныг, хайр дурлал, үл итгэмээр little people, бидний амьдралаас бас үнэнээс дэндүү хол зөрмөөр мэт санагдах Cult /гаж урсгал/ гэх бүлэглэл, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдийн хүнд хэцүү амьдрал зэрэг бидний зарим нь төсөөлж ч байгаагүй тийм зүйлүүд нүдний өмнө хүрээгээ тэлсээр байгааг харж болох байх. 
Тэнго Аомамэ 2-н өөр ертөнцийн гэмээр бие биендээ тэмүүлэх хайр дурлал надад онцын сонин байгаагүй ээ. Магадгүй энэ хайр дурлал гэгч нь хүн бүрийн уншихыг хүсдэг, бас зохиол болгонд гардаг хүмүүс бие биенээ хэрхэн яаж хайрлаж байгааг харуудаг хэдий ч энэ удаад түр мартах хэрэг гарсан юм.

Аомамэ ганц л найзтай. Найз нь нөхөрт гарч 6 сартай жирэмсэн байхдаа өөрийнхөө амийг хорлодог. Эмэгтэй хүн тэр тусмаа хэвлийдээ үрээ тээж байгаа хүн өөрийнхөө амийг хорлох шийдвэр гаргаж түүнийгээ гүйцэлдүүлнэ гэдэг, ийм нөхцөлд хүргэсэн тэр шалтгаан нь үнэхээр том дааж давшгүй, тэсвэрлэхэд хүнд байсан болохоор л тэр байх. Нийгэмд байдаг гаж, хүчирхийлэгч эрэгтэй хүн тэр тусмаа нөхөр нь. Энгийн бусад хүмүүс тийм гэдгийг нь гадарлахын аргагүй залуу. Гэм нь тэр гаж хүсэлтэй..
Аомамэ төрөлхийн гэмээр чадвартай. Хүний биеийн бүтцийг маш сайн мэддэг. Хурууныхаа үзүүрээр л мэдрэлийн бүх цэгийг олж чаддаг. Найзынхаа нөхрийг /бусдыг ч бас/ зүрхний шигдээсээр үхсэн мэт болгож дээш нь явуулсныхаа дараа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг /гэж хэлэх байх/ хөгшин эмэгтэйтэй танилцаж тэдний төвд хандсан эмэгтэйчүүдийн нөхрүүдийг ягл дээрх замналаараа нөгөө ертөнц рүү илгээж эхэлнэ. 
Cult: /Сануулж хэлэхэд энэ гаж урсгалын талаар зохих анхан шатны мэдлэгтэй байхад илүүдэхгүй байх. гэхдээ гүнзгийрүүлэх хэрэггүйг анхаараарай. Сонирхож судалж явж байгаад өөрөө үүндээ хэт автаж амьдралаа үгүй хийсэн хүнийг мэдэх учраас хэлж байгаа юм шүү!!!/ 
Зохиолд дүрсэлснээр анх коммун гэх нэрийдлээр үүсэж байж. Үйл ажиллагаа нь маш нууцлагдмал, гишүүд нь удирдагчийнхаа үгнээс гардаггүй, хүрээгээ тэлж олон мянган шинэ итгэгч нартай болсоор байгаа. 
Хөгшин эмэгтэйн төвд арав орчим настай охин ирдэг ба тэр охин эцэг эхээсээ зугтааж энэ төвд ирсэн /эцэг эх нь коммуны итгэгч гишүүд/ 
Охины сав нь задарчихсан, шалтгаан нь коммуны удирдагчтай холбоотой. ийм болоход эцэг эх нь дэмжлэг үзүүлж. Насанд хүрээгүй жаахан охидыг тэр эцэг эхээс нь авдаг. Яах гэж гэдэг нь ойлгомжтой. Охиноос хэн ийм болгосныг асуухад яагаад little people гэж хариулав?
Өөрийгөө хүссэн хэмжээнд томруулж чаддаг, охины амнаас гарч ирээд байгаа, "Агаарын авгалдай" гэх зохиолд гардаг little people гэгч чухам юу вэ?

Аомамэ-н дараагийн тонилгох ёстой хүн бол удирдагч. Гэхдээ яаж? 
Хэн ч мэддэггүй, коммуныхаа байрнаас төдийлөн гараад байдаггүй тэр эрхэмийг Аомамэ устгаж чадах болов уу? Өрнөл илүү сонирхолтой.. 
Коммун гэх газарт эцэг эхтэйгээ учрах болов уу? 
Хосоороо тэнгэрт мандах сар юуг илэрхийлэв? 
Тэнго Аомамэ? 
"Агаарын авгалдай" зохиол коммуныг илчлэх түлхүүр байв уу? 
Мураками ч тэр Стиг Ларсон ч тэр.. тэдний зохиолууд хийсвэрлэл үү? аль эсвэл бодолцож үзэх зүйл үү?..

2014.09.15

No comments:

Post a Comment