Sunday, December 1, 2013

Зүсэм Мантуу, Аавын хайр

Аавынхаа өвөрт унтаж байсан өдрүүдээ дурсахуй...
Охин байдгаараа хөнжлөө тийрчихсэн, барбигаа орныхоо хөл рүү шидчихээд өөрт нь таатай санагддаг ч юм уу доошоо харчихсан унтаж байлаа. Энэ охин дандаа л доошоо харж унтах юм гээд аав нь өргөн дээш нь харуулж, хөнжлийг нь нөмөргөх үед уйлагнан байж охин нойрноосоо сэрдэг байлаа. Заримдаа охиныг срэх үед дүүгээс нь өөр хүн байдаггүй хоёулахнаа л торойгоод үлдчихсэн байдаг байв. Аав нь ажилдаа явахдаа охин, хүү хоёртоо өглөөний цайг нь бэлдээд явна. Аяганд цай хийгээд, мантууг зүсэж өрөм юм уу масло сахар түрхээд идэхэд бэлэн болгоод дээрээс нь марл бүтээгээд л явчихдаг байсан. Орой унтахдаа орны ард хадчихсан байдаг хивсний зурагнаас айхдаа нөгөө л нэг барбигаа бариад аавынхаа өвөрт гүйж ороод л унтчихна. Заримдаа дүүтэйгээ аавыгаа булаацалдан бөөн инээдэм болохыг яаана.
 ...
Амьдралын зам үргэлж дардан байдаггүй, үнэн л юм. Аавгүй өнгөрүүлсэн өдрүүд тийм ч сайхан байгаагүй ээ. Ээж нь үргэлж аавтай нь муудалцана. Аав нь яагаад орхиод явсаныг охин ганцаараа л мэддэг байв. Хэдий жаахан байсан ч гэсэн хэрсүү ухаантай болж хүмүүжсэн болохоороо аль болох аав ээжийнхээ аргыг олж тэднийг муудалцуулахгүй гэж хэрэндээ л хичээдэг авч заримдаа тусыг үл олох нь бий.  

Хичээлээсээ гүйгээд л ороод иртэл гэрт нь хэн ч алга. Тэр өдөр аав нь гэртээ ирсэнгүй. Ээжээсээ асуух гээд айж айж асуусан ч хариулт сонсож чадсангүй. Маргааш нь нөгөөдөр нь ч алга...  Аавдаа маш их хайртай байсан охин аавынхаа тухай сонсохыг ч хүсэхгүй, бүр тийм хүн байдаг гэдгийг санахыг ч хүсдэггүй болсон юм. Яагаад гэж үү?  Нэг ч үг хэлэлгүй хаяад явсан болохоор, өөрийгөө хэнд ч хэрэггүй хүн мэт төсөөлдөг болчихсон болохоор хэн нэгэнд хэрэгтэй хүн байхын төлөө өөрийгөө хөгжүүлэн хэн бүхэнтэй найрсаг харилцаатай нэгэн болж төлөвшсөн юм даа. Ороод ирэх байх гэж хаалга дуугарах тоолонд горьдлогын харцаар харж, шөнө орондоо уйлдаг байсан өдрүүд гомдол хорслоор солигдон үзэн ядахад хүртэл хүргэсэн юм. Охиныг 15 настай байхад аав нь нэг өдөр гэнэт ороод ирэх нь тэр. Юу ч хэлж чадаагүй харсаар байгаад гаргасан бардам зант охин нь дараа нь сэтгэл дотроо их л гэмшсэнэ нь лавтай.

Архи ууж, тамхи татдаг, зодож зовоодоггүй, нэг ч удаа архи үнэртүүлж орж ирж байгаагүй, ухаалаг МУНДАГ аавтайдаа охин одоо л баярлан, ааваараа бахархаж сууна. Бахархаж амьдрах ААВтай АЗТАЙ ОХИН энэ дэлхийн өдрүүдийг инээмсэглэлээр угтаж, өдөр бүрийг аз жаргалтайгаар өнгөрүүлсээр..

                                                                Болжмор



No comments:

Post a Comment