Өөрийн нүдээр бус 10 настай хүүгийн нүдээр хорвоо ертөнцийг тольдсон тэмдэглэл.
Лондонгийн жирийн л нэг гэр бүл. Амралтын өдөр бусдын л адилаар зугаалан Трафальгарскийн талбайд өдрийг өнгөрүүлж байв. 2 ихэр охин нь талбай дээгүүр гүйж тоглосоор холдох үед аав нь охидоо дуудаж байхад ээж нь харин охидыг зөнгөөр нь орхихыг хүсэж байлаа. Роза зөрүүд хүүхэд тул аавынхаа дуудахыг үл тоон цааш гүйж одоход Джас аав руугаа гүйсээр ирэв. Гэнэт дэлбэрэлт болж.. Розагийн бие 10 хэсэг хуваагдсан байлаа.. Мусульманчууд талбай тойрон байрлах 20 хогийн саванд тэсрэх бөмбөг нуусан байжээ..
..Хүмүүс бүгд уйлж байхад би уйлаагүй. Бүх зүйл ард хоцорсон, бүх зүйл сайхан болно гэж байсан ч энэ нь миний хувьд ямар ч өөрчлөлт авчраагүй бөгөөд харин ч бүхнийг дордуулсан юм. Розагийн үхлээс болж эцэг эх минь салж, Джас бид 2 төрөлх нутгаа орхин аавтайгаа хамт өөр хот руу нүүж билээ. Шинэ гэртээ ирээд байдал улам л дордож байв. Хичээлээ тараад гэртээ ирэхэд нэг л тийм “ХҮЙТЭН”, “ХАРАНХУЙ”. Гал тогоонд бэлдэж базаасан юу ч байхгүй. ААВ гэж хашгирмаар санагдаж байсан ч анир чимээгүй яг л энэ байдлаараа үргэлжлэх вий гэдгээс маш их айж байсан тул амнаас минь авиа ч гардаггүй байлаа.
Гайт 9 сарын 9-ний тэр өдрөөс хойш аав минь мусульманчуудыг үзэн ядаж, лонхтой найзлах болсноор өдрийг өнгөрөөдөг болов. Нэг ёсондоо Роза үхсэнээр Джас бид 2 аав ээжийн ой тооноос арчигдсан мэт байлаа. Тэр урьдын адил тоглож, ярилцахаа больж. Зөвхөн л уудаг болж.
Хөл бөмбөг, хүн-аалзанд дуртайг минь осолгүй л мартчихаагүй гэдэг нь ээжийн өгч явуулсан төрсөн өдрийн бэлэгнээс харагдаж байсан хэдий ч энэ бэлэг хожимдож ирсэнд нь гайхах зүйл байсангүй...
10 настай хүүгийн дотоод сэтгэлд ийм л зүйлүүд болж байсан юм. Тэр архи уудаггүй аавтай, орхиж явахгүй ээжтэй болохыг хүсэж байсан юм. Джэймигийн хувьд гэр бүл гэдэг зөвхөн Джас болж хувирсан юм. Гэхдээ, гэхдээ хамгийн сайхан зүйл нь төгсгөлд бий болсон юм. Энэ үед ямар ч хүн биеэ барьж чадахгүй биз ээ.
..Джас яг л сахиусан тэнгэр шиг дуулдаг. Түүнийг дуулж дуусахад үзэгчид бүгд л биширч орилж байсан ч би тэднээс илүүтэйгээр чанга орилсон. Өөрийгөө тайзан дээр байгаагаа ч мартаж, телевизийн бичлэгийг ч хайхраагүй. Зөвхөн Джас болон түүний дуунд л бүх анхаарлаа хандуулсан байсан юм. Учир нь Джас бүх зүрх сэтгэлээсээ тэр дууг дуулсан болохоор тэр. Шүүгчид Джасыг тэнцүүлж харин намайг хассан юм. Үүнийг Джас зөвшөөрсөнгүй. Я не стану выступать без Джейми. Я не брошу своего брата. Семья должна держаться вместе!
Эгч маань надгүйгээр дараагийн шатанд оролцохыг хүсээгүй. Гэр бүл бие биенийгээ орхих ёсгүй шүү дээ. Эцэг эх 2 маань үзэгчдийн суудалд сууж байсанд би баяртай байлаа. Би ээжид хөл бөмбөг хэрхэн тоглож, яаж гоол оруулсан тухайгаа, халловэний баярын тухай, багш Фармэрийнхээ тухай бүгдийг яримаар байсан ч тэр шал ширтсээр байсан юм. Эцэст нь аав эндээс явцгаая гэж хэлээд гарахдаа урьдын адил мөрөн дээрээс минь барьсан юм даа.
Я не стану выступать без Джейми. Я не брошу своего брата. Семья должна держаться вместе!
Энэ 3 өгүүлбэрт бүх ертөнц багтах шиг санагдаж билээ. Хүний амьдралд юу ч тохиолдож болох бөгөөд амьдралд хандах хандлагаас тань бүх зүйл хамаардаг болохыг гунигтай-баяртай, өөдрөг үзэлтэй, итгэл найдвараар дүүрэн Джэйми хүүгийн нүдээр илэрхийлж гаргаж ирсэн энэ зохиол орчуулагдаж гараасай гэсэн хүслээр тэмдэглэлээ дуусгая даа. Болжук









