Wednesday, September 17, 2014

Өдөр бүрээс шөнийг хулгайлмаар..

Би өмнө нь зүүднээсээ айдаггүй байсаан. Багаасаа л ганцаараа, өөрийнхөө жижигхээн орон дээрээ жижигхэн хөнжлөө нөмрөөд үлгэрээ сонсчихоод л унтаад өгдөг байж дээ. Эргээд бодоход тэр үе л хамгийн жаргалтай үе маань байсан юм болов уу даа. Сургуульд ч ороогүй жаахан байхаасаа л зүүдэлдэг, шөнө босож явдаг тэгээд тэр зүүдээ бүгдийг нь санадаг байсан юм. Гал тогооны өрөөний ширээн доор сандал түчигнүүлэн сууж байхдаа өөрийгөө зүүдэлж байна гэдгээ мэдэж сэрэх гэж хичээдэг байснаа, аав босож ирээд гэрэл асааж намайг гарган оронд минь хэвтүүлээд унтуулдаг байсныг ч тэр, бүгдийг нь би одоо болтол санадаг. Ийм олон жил өнгөрчихөөд байхад яагаад ой ухаанаас минь арчигдаж алга болохгүй байгаа нь л хачирхалтай.
Жижигхээн хүүхэд байхдаа айдаггүй байсан, гэвч одоо айдаг. Тэр нэг өдрийн зүүднээс хойш л би айдаг болчихсон. Аавыгаа явчихлаа гэж зүүдлээд сэртэл зүүд аль хэдийнээ биелчихсэн байж. Айдсыг үлдээгээд л орхиод явчихсан тэр өдрөөс хойш хамгийн их айдаг зүйл минь араатан амьтан ч биш ганцаараа үлдэж хоцрох ч биш зүүд болж хувирсан.
Зүүдэндээ хэн нэгний уйлахыг харж, хэн нэгэн нас барахыг харах, миний хийх гэж байгаа үйлдэл, харилцаа.. би бүгдийг зүүдэлдэг. Тэр зүүдэлсэн зүйлээ огт мартаж амжаагүй байтал яг л нөгөөх дүр зурагаа удалгүй харж, хэн нэгний хэлэх гэж байсан үгийг хэлэхээс нь өмнө нүднээс нь унших, ямар нэгэн харилцаа эцэстээ юу болж төгсөхийг түрүүлж мэдэх тэр мэдрэмж. Яг л энэ цаг хугацаандаа 2 дахин амьдраад байгаа мэт санагддаг. Зүүднийхээ амьдралаар бодит амьдрал минь хэмжигдэх ч юм шиг. Зүүдэндээ уйлчихдаг болохоор бодит байдал дээрээ нулимс минь гардаггүйтэй би эвлэрчихэж... Бусад хүмүүс шиг л тайван бөх гэгч нь унтаж өглөө тайван сэрдэг бол.. Зүүдэлсэн ч зүүдээ санадаггүй бол.. Зүүд минь биелдэггүй бол..  Би хүн гэдгээ мэдрэх сэн.


Thursday, September 11, 2014

Намраас шөнийг хулгайлж чадвал
Зүүднээсээ би айхгүй..
Зүүдлэхгүйгээр,
Нүдэндээ бүхнийг тод харна.

Monday, September 1, 2014

Сүнсээ худалдаад цаг хугацааг эргүүл гэвэл
Үхэлтэй гэрээ хийж өнгөрсөн лүү оч гэвэл
Саяхны мэт санагдах арван дөрвөн жилийн тэртээх
Үнсүүлээд цасан хүн бэлгэнд авсан өвлийн тэр өдөр лүү 
Буцахсан..
Буцчихаад,
Гомдсондоо хэлж зүрхлэлгүй цасан хүнтэйгээ хамт хайлуулчихсан тэр үгээ
Сүнсээ худалдаж цаг хугацааг эргүүлж
Гэрээ хийж өнгөрсөн лүү оччихоод
Ааваа битгий яваач... гэж хэлнэ

                                                                               

                                                                                                                                            Болжмор