Sunday, December 22, 2013

Бүрхэг өдөр


Байдал нэг л биш.. Битүү манан. Манангийн цаадахыг харах гэж хичээсэн ч юу ч харж чадахгүй. Нүд бүрэлзэнэ.. Тэр цаана юу байгааг харахыг хүсэх ч мананг арилтал хүлээхээс өөр аргагүй. Тэвчээр хэрэгтэй. Манан арилсан ч харахыг хүссэнээ харж чадсангүй... Манантай хамт замхарчихав уу, аль эсвэл хоосон зүйл үү? 
Хоосон. Бүх зүйл хоосон. Хэдэн зуун жил өнгөрөн, цаг хугацаа урсгалаараа явна. Хүмүүс үхэж байхад хүмүүс төрж байдаг. Тэд үхсэн ч дэлхий ертөнц яг л байдгаараа. Хэн нэгэнд бодогдсон зүйл өөр нэгэнд ч бас бодогдоно. Гол мөрөн эцэст нь нэгэн далайд цутгагдах боловч хэзээ ч дүүрдэггүй. Голын усанд ороод зогсох үед би анх зогссон газартаа зогссоор байх ч харин ус, урсгал бүхэн нь миний хувьд шинэ. Хүмүүс харж байгаа зүйлдээ, сонсож байгаа зүйлдээ хэзээ ч ханахгүй..Энэ нь залхмаар юм. Харагдахгүй байгаа зүйлийг харах гэж зүтгэх нь муруйг тэгшлэхтэй адил аж. Үнэхээр ХООСОН юм гээч.. 
Заримдаа тогтоогдсон цаг хугацааг урагшлуулах гэж хичээх юм. Гэхдээ энэ дэлхий дээрх бүх л зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай. Төрөх хийгээд үхэх цаг маань, инээх хийгээд уйлах цаг маань, бүтээх хийгээд нураах цаг, алах хийгээд аврах цаг.. эд бүгд цаг хугацаатай. 
Манангийн цаанаас харагдахгүй байгаа зүйлийг харахыг хичээн хүчлэх хэрэггүй бололтой, цаг нь ирэхээр тодоос тод гялалзан харагдах байх. 

                                                                           Болжмор


No comments:

Post a Comment