Monday, October 28, 2013

Оюутан


“Байгалиас үлэмж авьяастай төрсөн хүнийг боловсролтой гэдэггүй. Харин мэдэж байгаа бүхнээ ухаалаг, зөв, байж болох хамгийн ашиг тустайгаар түгээж байгаа, өөрийнх нь мэдлэгт юу дутууг харж чаддаг хүнийг боловсролтой гэнэ.”[1] гэж эдүгээ дэлхийн түүхэнд өөрийн гэсэн орон зайгаа үлдээж чадсан Иохам Рахель гэгч хэдийд ч юм ингэж хэлсэн байдаг.  Тэгвэл боловсрол гэдгийг чухам хэзээ олж авдаг вэ? Одоо цаг үе биднийг боловсролоор маань ялган ангилж, залуучууд бид ч мөн адил бие биетэйгээ өөрсдийн олж авсан мэдлэг боловсролоороо зиндаархах болж. Бид бүхий л амьдралынхаа туршид аливаа зүйлсэд суралцсаар л байдаг. Та ч мөн үүнтэй санал нийлнэ байх. Бид ирээдүйн амьдралаа бат суурьтай болгохын тулд, мөн бас энэхүү нийгэм маань биднээс шаардаж байгаа учраас боловсролд цаг хугацаа, мөнгө санхүүгээ зориулан суралцдаг. Тэгвэл бид ирээдүйн сайн сайхан амьдралынхаа баталгаа болсон энэхүү боловсролыг “оюутан” болсныхоо үр дүнд олж авдаг.
Хүний амьдралын хамгийн дурсамжтай мөчүүд  “оюутан” настай холбоотой байдаг гэж томчууд ярьдаг. Би ч мөнүүнтэй санал нийлнэ. Оюутан ахуй цаг яг л намрын зөөлөн бороо мэт, хаврын хурдан өөрчлөгддөг цаг агаар адил, зуны аагим хурц нар зулай дээрээс төөнөж байгаа мэт, өвлийн хүйтэн жавар хайрах шиг яг л ийм мэдрэмжүүүдийг мэдрүүлээд өнгөрдөг хэрнээ цаг хугацаа яг л харвасан сум мэт өнгөрдөг тийм л цаг үе. Бид ирээдүйд хэн болох вэ гэдгээ сонгон оюутан ахуйн дөрөвхөн жилийн хугацаанд хүссэн, сонгосон мэргэжлээрээ суралцаж өнгөрүүлэн мэдлэг олж авах боловч, бидний цаашид амьдралынхаа хугацаанд хэрэг болох тэр бүхий л мэдлэгийн хажууд өчүүхэн жижиг дэндүү бага хугацаа мэт санагдах байх. Гэхдээ бид энэ бүхнийхээ үндэс суурийг олж аван цаашид оюун ухаанаа тэлэн амьдарсаар л байх болно шүү дээ.
Оюутан нас гээд ярихаар бид хамгийн түрүүнд хайрлаж дурлаж явсан мөн өлсөж байсан, номын сандаа хичээлээ хийж суусаар байгаад өлгүүр хаах цаг болсныг ч умартан харанхуй өрөөнд хувцасаа түгжүүлэн үлдээсэн, автобусны мөнгөгүй болчоод хөгжилтэй гэгч нь гэр луугаа алхаж явсан гээд л олон олон дурсамжуудыг бид ярьж болох байх л даа.
“Мэдлэг биднийг эрч хүчтэй болгож байхдаа л үнэ цэнэтэй”[2]гэдэгчлэн яг л бидэнд оногдсон тэр л “оюутан” ахуй үедээ сурч мэдэх бүхнээ суралцан, танин мэдэхийн төлөө тэмүүлж тэрхүү олж авсан мэдлэг боловсролоо үнэ цэнэтэйд тооцон энэ л оюутан ахуй насаа, дурсан санагалзах дурсамж дүүрнээр бүтээж байдаг: “Бид оюунлаг Оюутнууд”.


[1] “Цэцэнмэргэний нэвтэрхий толь”  Г. Аюурзана,Улаанбаатар хот,  2010 он,  101-р тал
[2] Этвиш Йожеф, “Цэцэн мэргэний нэвтэрхий толь”  Г. Аюурзана, Улаанбаатар хот,  2010 он, 99-р тал 
                                                         Болжмор

No comments:

Post a Comment