Monday, October 28, 2013

Оюутан


“Байгалиас үлэмж авьяастай төрсөн хүнийг боловсролтой гэдэггүй. Харин мэдэж байгаа бүхнээ ухаалаг, зөв, байж болох хамгийн ашиг тустайгаар түгээж байгаа, өөрийнх нь мэдлэгт юу дутууг харж чаддаг хүнийг боловсролтой гэнэ.”[1] гэж эдүгээ дэлхийн түүхэнд өөрийн гэсэн орон зайгаа үлдээж чадсан Иохам Рахель гэгч хэдийд ч юм ингэж хэлсэн байдаг.  Тэгвэл боловсрол гэдгийг чухам хэзээ олж авдаг вэ? Одоо цаг үе биднийг боловсролоор маань ялган ангилж, залуучууд бид ч мөн адил бие биетэйгээ өөрсдийн олж авсан мэдлэг боловсролоороо зиндаархах болж. Бид бүхий л амьдралынхаа туршид аливаа зүйлсэд суралцсаар л байдаг. Та ч мөн үүнтэй санал нийлнэ байх. Бид ирээдүйн амьдралаа бат суурьтай болгохын тулд, мөн бас энэхүү нийгэм маань биднээс шаардаж байгаа учраас боловсролд цаг хугацаа, мөнгө санхүүгээ зориулан суралцдаг. Тэгвэл бид ирээдүйн сайн сайхан амьдралынхаа баталгаа болсон энэхүү боловсролыг “оюутан” болсныхоо үр дүнд олж авдаг.
Хүний амьдралын хамгийн дурсамжтай мөчүүд  “оюутан” настай холбоотой байдаг гэж томчууд ярьдаг. Би ч мөнүүнтэй санал нийлнэ. Оюутан ахуй цаг яг л намрын зөөлөн бороо мэт, хаврын хурдан өөрчлөгддөг цаг агаар адил, зуны аагим хурц нар зулай дээрээс төөнөж байгаа мэт, өвлийн хүйтэн жавар хайрах шиг яг л ийм мэдрэмжүүүдийг мэдрүүлээд өнгөрдөг хэрнээ цаг хугацаа яг л харвасан сум мэт өнгөрдөг тийм л цаг үе. Бид ирээдүйд хэн болох вэ гэдгээ сонгон оюутан ахуйн дөрөвхөн жилийн хугацаанд хүссэн, сонгосон мэргэжлээрээ суралцаж өнгөрүүлэн мэдлэг олж авах боловч, бидний цаашид амьдралынхаа хугацаанд хэрэг болох тэр бүхий л мэдлэгийн хажууд өчүүхэн жижиг дэндүү бага хугацаа мэт санагдах байх. Гэхдээ бид энэ бүхнийхээ үндэс суурийг олж аван цаашид оюун ухаанаа тэлэн амьдарсаар л байх болно шүү дээ.
Оюутан нас гээд ярихаар бид хамгийн түрүүнд хайрлаж дурлаж явсан мөн өлсөж байсан, номын сандаа хичээлээ хийж суусаар байгаад өлгүүр хаах цаг болсныг ч умартан харанхуй өрөөнд хувцасаа түгжүүлэн үлдээсэн, автобусны мөнгөгүй болчоод хөгжилтэй гэгч нь гэр луугаа алхаж явсан гээд л олон олон дурсамжуудыг бид ярьж болох байх л даа.
“Мэдлэг биднийг эрч хүчтэй болгож байхдаа л үнэ цэнэтэй”[2]гэдэгчлэн яг л бидэнд оногдсон тэр л “оюутан” ахуй үедээ сурч мэдэх бүхнээ суралцан, танин мэдэхийн төлөө тэмүүлж тэрхүү олж авсан мэдлэг боловсролоо үнэ цэнэтэйд тооцон энэ л оюутан ахуй насаа, дурсан санагалзах дурсамж дүүрнээр бүтээж байдаг: “Бид оюунлаг Оюутнууд”.


[1] “Цэцэнмэргэний нэвтэрхий толь”  Г. Аюурзана,Улаанбаатар хот,  2010 он,  101-р тал
[2] Этвиш Йожеф, “Цэцэн мэргэний нэвтэрхий толь”  Г. Аюурзана, Улаанбаатар хот,  2010 он, 99-р тал 
                                                         Болжмор

Sunday, October 13, 2013

Их хэлмэгдүүлэлт

"Орос оронд шорон хэзээ ч хоосон байсангүй. Харин цаг ямагт л шоронгийн багтаамж хүрэлцдэггүй байв." Энэ үг их аймаар үг. Хэдхэн үг мэт боловч энэ хэдхэн үг тэр үеийн Орос орны байдлыг шууд илэрхийлчих шиг л болсон, биеийг маань жихүүцүүлэхүйц, нүдэнд маань махан овоог харагдуулсан тийм л хүнд жинтэй үг. Тэд зүгээр л тоондоо хүрэх гэж хэнийг ч хамаагүй хамаатуулан Гулаг руу хүмүүсийг аваачиж хорьсоор.

Хар гэрт хоригдож удахгүй машинд ачигдан буудуулах цаг ирсэн гэдгээ мэдэж байгаа ч "Амьдрал үнэхээр сайхан" гэж хэлж байгаа Баасан лам Даваа 2. Амьд үлдэхийн тулд цаас харандаа барин ах лам нар болон багш нарынхаа нэрсийг мэдээлэн, хөх болон улаан харандаагаар цаазын ял авсан хүмүүсийн нэрс, байцаалтыг гараа чичрүүлэн жирийтэл бичин суугаа Агваан. Наадмаас өмнө 1000 феодалыг устгах Чойбалсангийн тушаалыг авсан Балган. Эд зүгээр л нэг тоо гүйцээхийн төлөө хуурамч хэрэг зохион, бас л тэр махан овоог бий болгосон.

Өөрөө эхнэр хүүхэдтэй атлаа нутгийн бүсгүйд дурласан Яндаг төлөөлөгч. Хотоос ирсэн Сонров, Сонровт дурласан Цэвэлмаа. Цэвэлмаад дурласан Сонров. Цэвэлмааг өөрийн болгож чадаагүйдээ хорссон Яндаг Сонровоос Цэвэлмааг салгахын тулд хуурамч хэрэг зохион эсэргүү нэрийг зүүлгэх хэдий ч өөрөө бас үүндээ ороогдоно.
Үлэмжийн хайрт Цэвэлмаатайгаа Хойд насандаа учирна гэсэн итгэлээр эцсийн үгээ хэлэн, бодлынхоо эцсийн цэг үзэхийн хязгаарт ирнэ....

Ёоох хэхэ. ... Уншиж дууссаныхаа дараа бодоод байсан чинь энэ 3 ном 3-лаа л "хэлмэгдүүлэлт" нэртэй цуст аллагын талаархи зохиолууд байж. Мэдээж бодит, болсон явдалыг уран зохиолын хэлээр гайхалтай бичиж. Ногоон нүдэнг л харин хамгийн удаан уншлаа. Бараг 1 сар.
9-н сараас хойш уншсан 3 ном маань юм л даа. Санаандгүй ч гэсэн энэ 3 номыг ингэж дарааллуулж уншсан нь нэг талаараа гоё ч нэг талаараа энэ бүх зүйлийг мэдээллийг хүлээж авахад хэцүү байлаа. Бүр нүдэнд харагдаад яг өөрөө тэнд байсан ч юм шиг мэдрэмж төрсөн шүү. хэхэ
1. Александр Солжениц "Гулаг Олтриг"
2. Ц. Оюунгэрэл "Ногоон нүдэн лам"
3. С.Эрдэнэ "Хойд насандаа учирна"

                                                                                        Болжмор

Tuesday, October 8, 2013

Нэгэн зүгт


    Чиний бэлэглэсэн савтай цэцэг
    Ус хүсэн цонхон дээр..
    Над руу тэмүүлэх чиний сэтгэл
    Хайр хүсэн цээжин дотроо..


    Гар сунгаад ч үл хүрэх өндөрт 
    Ганцаардал дундаа би байсаар л 
    Дуу хоолойг чинь сонсохгүй гэсэндээ 
    Дурласан чамд тохирохгүй байх гэсэндээ
    Өөрөөсөө чамайг түлхэвч
    Хэлсэн үгэнд чинь итгээд 
    Хариулт болгож ХАЙРТАЙ гэж шивнэе

    Хүслийн чинь үзүүр хаана хүрэхээ мэднэ ээ
    Хичээгээд үзээч дээ залуу минь. 
    Өөд өөдөөсөө алхсаар уулзсаан бид хоёр
    Өнөөдөр харин нэгэн зүг рүү алхана аа,  ХАМТДАА.  
                                                                       Э.Солонго 2013.10.09
                                                                        Болжмор.